Monday, October 1, 2012

Архины тухай хамгийн өргөн худал яриа



Архины тухай хамгийн өргөн дэлгэрсэн худал яриа


  
Нэгдүгээр худал яриа. Архи дулаацуулдаг.
Үнэхээр архийг халуун ундаа гэдэг нь санамсаргүй хэрэг биш юм. Гэхдээ асуудлыг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Хэрэв та халууныг мэдрэхийг хүсвэл архи ууж болно. Биеэ дулаацуулахыг хүсвэл эхний 50 гр архи, конъякны дараа зогсох хэрэгтэй. Архи нь эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлснээрээ судсыг тэлдэг. Их хэмжээгээр уухад арьсанд очих цусны гүйдэл хүчтэй болж, дулаан мэдрэмжийг үүсгэдэг. Энэ нь организм дулаанаа алдахад хүргэдэг. Үүнийг мэдэрч чадаагүйгээсээ болж цөөнгүй хүн хөлдөхөд хүрдэг байна. 

Хоёрдугаар худал яриа. Архи хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг.
Тийм ээ, архи үнэхээр хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Гэвч дээрхийн нэгэн адил маш бага хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд шүү дээ. Учир нь ходоодны салстад муугаар нөлөөлж, ходоодны шүүсний ялгаралтыг идэвхжүүлдэг. Иймээс архийг хэтрүүлэн хэрэглэх нь ходоодыг шархлахад хүргэдэг. Мөн архи дулаан ялгаруулалттай цуг боловсруулагддаг тул хоолны дуршлыг ч алга болгодог юм.

Гуравдугаар худал яриа. Архи – сайн нойрсуулагч.
Хэрвээ нойргүйдэл нь бухимдал, сэтгэл хөдлөлтэй холбоотой бол бага хэмжээний архи уугаад унтаж болно. Их хэмжээгээр хэрэглэвэл унтуулахын хувьд унтуулдаг боловч ... Нэгдүгээрт, энэ унталт нь тухайн хүнд амралт болдоггүй. Ийм нойр хэрэгтэй гэж үү? Хоёрдугаарт, сэрсний дараа шараа тайлахыг шаарддаг. Энэ ч бас багагүй төлөөс.

Дөрөвдүгээр худал яриа. Архи илчлэггүй.
Хэрвээ 100 г архинд 250 килокалори илчлэг байдаг гэж үзвэл мэдээж илчлэггүй гэж үзэж болно. Гэхдээ архи хамгийн түрүүнд энерги болж шингэдэг гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь архитай хамт хэрэглэгддэг даруулга нь өөх болон үлддэг гэсэн үг юм.

Тавдугаар худал яриа. Бага зэргийн архи жирэмсэн эмэгтэйд аюулгүй.
Жирэмсний аль ч үед архи хамгийн хортой ба урагт архи нөлөөлөх эрсдэл ихтэй байдаг. Бага хэмжээний ч гэсэн архи урагт нөлөөлснөөс ирээдүйн хүүхэд оюун ухаан, бие бялдрын хомсдолтой, зүрхний үйл ажиллагаа, мэдрэлийн системийн гажуудалтай төрөх нь байдаг. Долоо хоногт ганц хундага архи уухад ч эрсдэл нь хэдэн хувиар нэмэгддэг. Тиймээс та өөрийнхөө хүүхдийн хувь заяаг золиослох хэрэг байна уу?
 Зургадугаар худал яриа. Архиар цусны даралтыг бууруулж болно.
Даралт ихдэх өвчтэй хүмүүсийн хувьд ингэж бодох нь туйлын буруу. Мэдээж бага хэмжээний архи уухад л судасны хананы чадвар буурдаг. Үүний зэрэгцээ зүрхний цохилт нэмэгдэнэ, өөрөөр хэлбэл зүрхний шахах цусны хэмжээ багасдаг. Иймээс даралтыг дэлгүүрээс авсан архиар биш, эмийн сангаас авсан эмээр бууруулах хэрэгтэй.
Долдугаар худал яриа. Архи уудаггүй хүнд итгэж болохгүй.
Энэ нь зөвхөн хүмүүсийн дунд байдаг худал яриа. Архитай ямар ч холбоогүй. Ажиллагсад нь бүгд архи уудаг албан газарт архи уудаггүй хүн содон байх нь мэдээж. Тийм хүнд хүмүүс итгэдэггүй. Харин ийм байгууллага дээр социологийн судалгаа хийж үзэхэд хүний архины хэрэглээ, итгэл даах түвшин хоёр ямар ч хамааралгүй болох нь харагдсан. Түүнчлэн архи уудаггүй хүн анхаарал ихээр шаардсан ажлыг илүү сайн гүйцэтгэдэг байна.
Наймдугаар худал яриа. Шар айраг согтууруулах ундаа биш.
Шар айраг нь илүү хортой согтууруулах ундаа юм. Хэдийгээр шингэрүүлсэн ундаа боловч спиртийн агууламжтай байдаг. Гурван шил шар айраг бараг нэг шилэн аяга цагаан архитай тэнцэнэ. Хийжүүлсэн ундаа учир түүний агуулгад байдаг согтууруулах бодис нь биед хурдан шимэгддэг. Тэгээд ч шар айргийг даруулгагүй хэрэглэдэг тул ашигтай ундаа гэж нэрлэхийн аргагүй юм.
Есдүгээр худал айраг. Архи бухимдал тайлдаг.
Энд хэмжээг нь тохируулан, ухаалгаар хэрэглэх тухай ярих хэрэгтэй. Хэрэв хэмжээг нь тохируулж, багаар хэрэглэсэн тохиолдолд эндорфин ялгарч, сэтгэл санааг үнэхээр өөдрөг болгох талтай. Гагцхүү хэтрүүлэн хэрэглэдэггүй чадвартай байх хэрэгтэй. Архийг хэтрүүлсний уршгаар үүсдэг шартах, сэтгэл санаагаар унах зовиур нь илүү их бухимдалд хүргэдэг. Тэгээд ч бага зэрэг согтуурсны дараа уухаа болих нь тийм ч амар зүйл биш юм.

Аравдугаар худал яриа. Үнэтэй архи хор багатай.
Үнэтэй архины агуулгад байдаг этанол бодис хямд архиныхтай адил байдаг төдийгүй, бодисын солилцоонд ч адилхан үйлчилдэг. Гагцхүү ялгаатай нь хямд архинд өөр элдэв хорт бодис хангалттай байдаг. Тансаг архийг ихэвчлэн амтыг нь үнэлж хэрэглэдэг. Тиймээс удаан хугацаанд, бага хэмжээгээр хэрэглэдэг гэж ойлгож болно. Зөвхөн энэ шалтгаанаар үнэ ихтэй архины организмд үзүүлэх хор зарим тохиолдолд арай бага байдаг юм.
Арваннэгдүгээр худал яриа. Архиар ханиад томууг эмчилж болно.
Ханиад томууг эмчлэхэд архи туслахгүй, харин ч эсрэг үйлчлэлийг үзүүлдэг. Учир нь биеийн дархлалын системийг сулруулдаг байна. Зөвхөн өвчний эхний шатанд бага хэмжээний цэвэр жимсний халаасан дарс үр дүн өгдөг. Бага хэмжээний дарс дархлалыг идэвхжүүлдэг. Хэтрүүлэн хэрэглэвэл архины адил эсрэг үйлчилгээ үзүүлдэгийг анхаарах хэрэгтэй.
Арванхоёрдугаар худал яриа. Архи ходоодны өвчнийг эдгээдэг.
Хоолны өмнө 50 г архи уухад ходоодны өвчнийг эдгээдэг гэдэг яриа худлаа бөгөөд энэ нь эдгээх биш, зөвхөн түр хугацаанд өвдөлтийг намдааж байгаа хэрэг юм. Байнгын ийм хэрэглээ нь архинд донтоход ч хүргэх эрсдэлтэй. Түүнээс гадна ямар ч хатуу архи ходоодны салстуудыг бүтээдэг эсийн хальсны нэвтрэх чадварыг нэмэгдүүлдэг учир хавдар үүсгэдэг бодис түүнд шууд ороход нөлөөлдөг. Энэ нь юу болохыг та мэдэх үү?
Арвангуравдугаар худал яриа. Архи ажлын чадвар нэмэгдүүлдэг.
Зарчмын хувьд бага зэрэг архи уусан үед ажиллахад хөнгөн болдог нь үнэн. Үнэхээр сэтгэх, хөдлөх үйлдлийн хурд нэмэгдэж, дээр нь тааламжтай хөнгөн мэдрэмж төрдөг. Гэвч нэгдүгээрт, амархан ядраана, хэрэв хийх ажил их бол гүйцэтгэж амжихгүй гэсэн үг. Хоёрдугаарт, анхаарал суларч, нягт нямбай үйл ажиллагаа явуулах чадваргүй болгоно. Ингэснээр ажлаа хурдан дуусгах боловч түүнийгээ эргэж засахын тулд илүү их хугацаа зарцуулахад хүрнэ.
Mail хаяг: usantvrvv@yahoo.com
Утас:368959
Сувилагч Д.Баялаг

No comments:

Post a Comment